Эмээдээ хэлэх үгс
“Хайртай” гэх үг нь амнаас ч багтаж гарахааргүй тийм том үг юм уу?
Би хайртай хүмүүстээ “хайртай” гэж хэлж чаддаггүй. Зүгээр л чаддаггүй юм. Гэхдээ одоо энэ үгийг хамгийн их сонсгохыг хүсч буй хүндээ ингээд ч болтугай хэлж сэтгэлээ уудламаар санагдлаа.
Эмээ, охин нь танд хайртай шүү.
Би эмээ өвөө дээрээ өссөн хүүхдүүдийн нэг. “Эмээгийн сэтгэл зүрх” гэх диваажинд аз жаргал, баяр хөөр, хайр халамж гуравтай хөөцөлдөн тоглож өссөн. Эмээ минь намайг төрүүлэх, хөхүүлэхээс бусдыг хийж өсгөсөн. Гэвч “эхийн санаа үрд, үрийн санаа ууланд” гэгчээр сүүн цагаан сэтгэлийг нь ээдүүлж, томрох тусмаа л гомдоох, уурлуулах минь ихэсэх юм. Уучлалт гуйж, тэвэрч үнэсэж, хайртайгаа хэлэхийг хичнээн их хүссэн ч чаддаггүй тийм хулчгар хүн билээ би.
Эмээгийн минь урлаж өгсөн далавч надад байдаг болохоор зовлон бэрхшээл намайг гүйцдэггүй байх. Эмээгийнхээ ачийг энэ насандаа хариулж барахгүй нь лавтай. Үнэндээ ачийг нь яаж хариулах ёстойгоо ч би мэдэхгүй байна. Тиймээс ядаж сайн хүн байж, жаргалтай байхыг хичээж, санааг нь бага зовооё. Огт санааг нь зовоохгүй байна гэж худлаа зүйл амлаж чадахгүй.
Намайг амьдралд хөл алдах вий, бүдрэх вий, дэмий юм хийх вий гэсэндээ зэмлэж загинаж, зарим зүйлсийг хориглодгийг тань би мэднэ ээ. Гэхдээ заримыг нь би өөрөө л алдаж, унаж, босч байж ойлгоно шүү дээ, эмээ.
Эмээ! “Нас нь гүйцэж байгаа би”, “Удахгүй үхэхээс хойш” гэж ярьж битгий намайг айлгаарай. Охин нь хорвоо мөнх бус гэдгийг тархи, оюун санаагаараа мэдэх ч гэсэн зүрх сэтгэлээрээ мэдрээгүй байгаа тул балчирхан зүрх минь ийм юманд бэлэн болоогүй шүү. Таньгүй амьдралыг төсөөлөхөд л шууд нулимс асгардаг. Тийм болохоор битгий ийм үг хэлж, ийм юм битгий бодож байгаарай, гуйя.
Та минь урт насалж, илүү олон аз жаргалтай жилүүдийг надтай хамт өнгөрүүлээрэй. Сэтгэл зүрхэнд минь үүрээ засаж, тэндээ мөнх оршоорой. Өмнө нь танийг гомдоож байсан үгс, үйлдэл болгондоо өршөөл эрэн, сөгдөн мөргөе. Хэнээс ч илүү “таньд л ганцхан хайртай” шүү, эмээ.
Энэ орчлонгийн бүх эмээ, ач нар өөр өөрсдийнхөө сэтгэлийн диваажинд хамтдаа жаргаасай.