Сүүдрээсээ зугтагч
Өөр хэн нэгний хиймэл дүрээр амь зууна(амьдрах биш амь зуух шүү), өөрөө ч үзэн яддаг өөрийгөө бусдаар хүлээн зөвшөөрүүлэхийг хүснэ. Өөрийгөө ч хайрлаж мэдэхгүй хэрнээ хүнийг хайрлах, хүнээр хайрлуулахыг хүсэмжилнэ. Сүүдрээсээ зугтана. Бусдын сүүдэр минийхээс том, тод байгаасай гэх нүгэлтэй хүслээр тэжээгдэнэ.
Бид бусдын хэр тод гэрэлтэйд, харин өөрсдийнхөө хэр том сүүдэртэйд анхаарлаа хандуулдаг байх. Надаас бусад нь дагалдах сүүдэргүй мэт харагдах авч үнэндээ тэд ч бас над шиг өөрсдийнхөө сүүдрээс чадахаараа зугтаж, нууж явсан юм билээ.
Цаашид үүнийг үгүйсгэж бас нууж, үүнээс цаашаа үргэлжлүүлэн зугтаж чадахгүй нь. Би хичнээн хол, хичнээн хурдан зугтсан ч, хичнээн хараагүй мэт царайлж бүх зүйл хэвийн мэт жүжиглэсэн ч хаашаа ч холдож чадахгүйгээ ойлголоо. Миний сүүдэр надаас хэзээ ч холдоогүй, би түүнээс хэзээ ч зугтаж чадаагүй тул би бууж өгөв.
Гэтэл хэзээ ч эгцэлж харж байгаагүй тэр сүүдрийнхээ тусгалд би өөрийгөө олж харсан.
Өмнө нь хийж байсан бүх алдаа эндэл минь өнөөдрийн намайг бий болгосон. Тэгвэл өнгөрсөн бүх хугацаанд би өөрөө өөрөөсөө л зугтаж байж. Одоо би дахиж зугтахгүй ээ.