2020 оны 5 сарын 16-ны тэмдэглэлээс
Бөөн хар бараан үүл өрөөний минь хаалгыг цөм өшиглөж орж ирээд л турьхан сэтгэлд минь эзэн суугаад хур буулгаад авсан юм. Түүний хар тунадас оюун санааны минь хөрсөн дээр буугаад үзэшгүй муухай хогийн ургамлууд зүрх сэтгэлийг минь ороон ургахад сая нэг өвдөлт мэдрэгдэж ухаан оров. Амьсгалах ч арга алга. Хэн нэгэн намайг ирээд авардаг ч болоосой, хэн нэгэн энэ үүлийг надаас салгаад өгөөсэй, ядаж хэн нэгэн надтай цуг энд шаналаасай гэж өчнөөн хүслээ, хүлээлээ. Хүлээгээд л байлаа. Цөхөртлөө хүлээлээ. Хэн ч ирсэнгүй. Зүрх сэтгэлийн минь сүүлийн амьсгаа тасалдаж, оюун ухааны минь хөрсний эцсийн ширхэг хар хогийн ургамлаар бүрхүүлж, амь тавьдагийн даваан дээр тэртээ тэнгэрээс аварга шувуу догшин хар үүлний уур хилэнгийн бэлгэдэл болох хүчит аянганаас бултан бултан ирж яваа нь үзэгдэв. Ухаан балартахын өмнөхөн л түүнийг шувуу биш хүн байсныг ойлгов. Ашгүй нэг нь над дээр ирж дээ. Найзуудын минь хэн нь эсвэл ах эгч нарын хэн нь миний амь гуйх орилооныг сонсож ирсэн юм бол гэх бодол төрж ухаан цэлмэв.
Аянганы чимээ сонсогдсонгүй. Хүндэрсэн зовхио хүчлэн байж нүдээ нээв. Хар үүл хаалгаар орж ирсэн шигээ цонхоор гараад явчихсан бололтой. Салхивч нээлттэй байх бөгөөд түүгээр орж ирэх сэрүүн тунгалаг агаар намуухнаар үлээнэ. Цонхны тавцан дээрх хэдэн өд салхитай тоглоод байна уу гэлтэй хоорондоо хөөцөлдөн харагдав. Нарны туяа өрөөг гэрэлтүүлж байна. Өнөөх хар үүл, хүн шувуу хоёрын альных нь ч бараа харагдсангүй. Гагцхүү өрөөгөөр дүүрэн өөрийн минь хурууны хээ л байх авай.