17 THINGS I LEARNED AT 17

Nominerdeen
5 min readFeb 17, 2020

--

17 ХҮРТЛЭЭ СУРСАН 17 ЗҮЙЛС

1. Өөрийгөө хайрлаж сурав.

Бүүр жаахан байхдаа ( одоо ч гэсэн жаахан) өөртөө итгэлгүй охин байлаа. Өөртөө итгэлгүйдээ ч итгэлгүй шахуу. Том болох тусам энэ байдал минь миний маш том сул тал болж байгааг мэдмэгцээ “Хэрхэн өөртөө итгэлтэй болох вэ?” гээд л хайж гарсан. Тэгээд “өөрийгөө хайрлах” гэдэг гаргалгаа олсон юм.

Өөртөө итгэлтэй байх нь өөрийгөө байгаагаар нь хайрлахын нэр юм.

Гэвч дахиад л нэг асуулт- Яаж өөрийгөө хайрлах вэ?Өөрийгөө хайрлах гэдэг нь өөрийнхөө үнэ цэнийг таньж, ойлгож түүнийгээ арчилж тордож явах гэсэн л үг юм билээ. Өөрийгөө дахин давтагдашгүй цорын ганц гэдгээ ойлгож, өөрийн онцлог болон бусдын ялгаатай байдлыг ойлгоод хүндэтгэхэд сая нэг миний өөртөө итгэх итгэлийн оч минь гэрэлтсэн юм даа. Өөрийгөө хайрласнаар өөрийгөө уучилдаг болж сэтгэлээр уналгүй, уур бухимдалгүйгээр амьдралыг илүү жаргалтайгаар мэдрэх болсон.

2. Өөртөө үнэнч байж сурав.

Бусад хүмүүс намайг юу гэж бодох бол гэх айдсаар өөрийгөө хүлж гинжлэхээ больсон. Үнэндээ бусад хүмүүс намайг тийм ч их боддоггүй, хүмүүс өөрсдийгөө л боддог.

Хүн яаж ч өөлж шоолж байсан түүнд няцалгүй өөрийн үзэл бодолдоо үнэнч байж түүнийхээ талд бат зогсож чаддаг болсон. Гэхдээ мэдээж энэ нь шүүмжлэл, зөвлөгөө хүлээж авалгүй өөрийхөөрөө зүтгэх гэсэн үг биш шүү.

3. Уучлахын ухааныг сурав.

“Уучлаарай” гэх ганцхан үгэнд зүрх сэтгэлээ хүлүүлж амьдрах. Гэвч гэмтэн өөрийн бурууг чин сэтгэлээсээ ухаарч гэмшин хэлээгүй л бол тэр хуурамч үгэнд зүрх сэтгэл дэвтэх нь юу л бол. Тэр хүн өөрөө ч санаа зовохгүй амьдарч байхад би энд зүрх сэтгэлээ эмтлэн байж гомдол цөхрөл тээхийн хэрэг юун. Тэгснээс уучлалт гуйгаагүй хүний өөдөөс тосч уучилъя. Өр зүрхээрээ уучилъя. Надад л амар. Яахав, хүн нэг алдаа л биз.

4. Надад тусалж чадах цорын ганц хүн бол би.

Сэтгэл санаа гэж авах юмгүй, ажил ч бүтэж өгөхгүй, амьдрал хогийн цэг шиг санагддаг үе байсан. Үргэлж уурлаж бухимдана. Хэн нэгэн ирээд намайг инээлгээсэй, хэн нэгэн ирээд шинэ адал явдалтай амьдрал бэлэглээсэй гэж хүснэ, хүлээнэ. Гэвч хэн ч ирээгүй. Угаас хүн гэдэг чинь өөрийн хийсэн үйлдэл болон өөрийн сэтгэл хөдлөлдөө өөрөө л хариуцлага хүлээх ёстой юм билээ. Тэгээд л би өөрийнхөө өвдгийг тулаад боссон доо.

5. Цаг хугацааны үнэ цэнийг ойлгов.

Яг энэ хором мөч дахиж хэзээ ч олдохгүй, дахин давтагддаггүй. Цаг хугацаа хэнийг ч хүлээдэггүй ч хүн болгонд адилхан үнэ цэнэтэйгээр оршин байдаг. Энэ үнэ цэнэ, хөрөнгийг ухаалагаар, зөв зүйлд зарцуулж, амьдралынхаа хором мөч бүрийг таалж, аз жаргалтайгаар өнгөрөөж чадвал болох нь тэр.

6. Эрүүл мэнд эрхэм баян.

Тоглож наргиж дэрвэж явах ёстой зуны гурван сараа хэвтэрийн дэглэм барьж орондоо шигдэж өнгөрүүлж байсан удаа бий. Бие хөдөлгөөнгүй байхаар оюун санаа өмнө нь ажиллаж байгаагүйгээрээ ажилладаг юм билээ.Тэр зун их ч зүйл бодож, олон ч зүйлийг ухаарсан даа. Түүний дотроос би эрүүл энх байхдаа ямар азтай байснаа хамгийн их ойлгосон. Тэр явдлаас хойш амьдралаас нэг их юм хүсэхээ больсон. Эрүүл байж, алхаж, амьсгалж чадаж байгаадаа л хамгийн их талархдаг.

Залуу бие эрүүл бол

Өдөр бүр амгалан

Нэгэн өдрийн амгалан

Мянган жаргалын үүд ээ гэж.

7. Ганцаараа байж, ганцаардаж сурав.

Хэн ч амьдралын минь турш хамт байхгүй. Тиймээс ганцаараа байж, ганцаардаж сурах ёстой юм байна гэдгийг хамгийн анх ганцаардахдаа ойлгосон.

Жич: Ганцаараа байх, ганцаардах гэх ойлголтууд нь хоёр тусдаа мэдрэмж юм.

8.Хүн бүр өөр өөрийн гэсэн цагийн бүстэй.

Өмнө нь өөрийгөө бусад өөрөөсөө сайн яваа хүмүүстэй их харьцуулж жишиж, өөртөө бухимддаг байлаа. Гэвч хүн болгон өөр амьдрал, өөр орчин нөхцөл, өөр боломж бололцоо, өөр цагийн бүстэй. Би хэнээс ч хоцроогүй, хэнээс ч түрүүлээгүй. Би яг байх ёстой цагтаа байх ёстой газраа байна гэдгээ ойлгосон.

9. Бэрхшээлийг давж сурсан.

Ямар ч уналтын дараа өвдгөө тулж босоод, үдээсээ чангалаад цаашаа үргэлжлүүлж сурсан. Бэрхшээл болгоныг давсаны дараа өөрийгөө яаж хөгжиж дэвшсэн байгааг харахаар энэ бэрхшээл гэгч хэрэгтээ бэлэг ч юм шиг санагддаг болсон.

10. Гэмээ ухаарч, гэмшиж сурсан.

Өөрийн буруугаа мэдэж байгаа ч хүлээн зөвшөөрөх зориггүй, хүнд буруугаа тохохыг илүүд үздэг, сэхүүн зантай охин байлаа. Гэвч 100% өөрийнхөө буруугаас болоод жинхэнэ шороо идэж өссөн,хамгийн түшигтэй сайн найзуудынхаа нэгийг алдсан тэр өдөр миний өнөөх сэхүүн зангаас нэг ч дусал үлдээгүй юм даг. Би маш их гэмшиж шаналсан. Өрөөлийг гомдоосноосоо болж би өөрөө шаналж байгаа нь гашуун ч гэлээ нилээн шударга шийтгэл байсан юм.

Хүн гэм нүгэлээ ухаарна гэдэг нь өөрийгөө хамгийн ихээр яллаж байгаа хэрэг юм.

11. Эзэн хичээвэл заяа хичээнэ.

Ямар нэг зүйлийг чин сэтгэлээсээ хүсч түүнийхээ төлөө хөдөлмөрлөвөл хүссэн зүйлээ авч болдог гэдгийг ухаарсан. Хүн хөдөлмөрлөснийхөө үр шимийг хэзээ нэгэн цагт заавал хүртдэг. Хөдөлмөрлөхөд золиос гэж байдаггүй.

12. Төлөвлөж сурав.

Аливаа ажлыг эхлүүлэхэд эсвэл амжиллтай үргэлжлүүлэхэд сайн төлөвлөгөө хэрэгтэй.

Төлөвлөөгүй зорилго бол зүгээр л хүсэл.

13. Завсарлага авч сурав.

Аливаа ажлыг урт хугацаандаа тууштай хийх нь чухал ч ямар ч завсарлага эргэцүүлэмжгүй яваад байж болохгүй. Машин барихдаа урдах замаа харахаас гадна толиндоо хааяа нэг ард үлдсэн замаа хардаг биз дээ. Түүнтэй л адил. Хааяа үнэхээр бүтээмж багасаад ирвэл завсарлага авч сурсан. Амарч сурсан. Яагаад болохгүй байна, өөр ямар арга байна гээд л эргэцүүлж байж цааш яахаа шийдэж сурсан. Гэхдээ завсарлага гэдэг чинь өөрөө болихын нэр бишийг та бүхэн төвөггүй ойлгож байгаа биз ээ. Завсарлага л авна. Болих, бууж өгөх талаар ерөөсөө ч яриагүй байна шүү.

14. Үг дааж сурав.

Магтаалд бялуурахгүй, шүүмжлэлд бүдрэлгүйгээр хүний үгнээс авахыг нь аваад хаяхыг нь хаяж чаддаг болсон.

15. Өөрөө өөртэйгөө ярилцаж, өөрийгөө ажиглаж сонсож сурав.

Өөрийнхөө дотор луу өнгийж хэн болж төлөвшиж байгаагаа байнга танддаг болсон.

16.Өөрийгөө бусадтай харьцуулахаа болив.

Дээр хэлсэнчлэн хүн бүрийн нөхцөл байдал, туулж буй түүх өөр учир өөрийгөө бусадтай харьцуулж голохоо больсон.

17. Зогсолтгүй суралцах ёстой гэдгийг ойлгов.

Үргэлж шинэ зүйл туршиж, сурч мэдэж байх ёстой гэдгийг ойлгосон. Учир нь хорвоод унших ном, үзэх газар, бүтээх зүйлс олон. Тиймээс чадахаараа л бүх зүйлийг сурахыг хүснэ.

--

--

Nominerdeen
Nominerdeen

Written by Nominerdeen

Орчлон уудам, би өчүүхэн

No responses yet