Өөрийнхөө цаад дахь өөр лүүгээ өнгийсөн жил
Он солигдох шөнө ил зуухан дахь галын гэрэл л өрөөг гэрэлтүүлж авай тэр агшинд хоёр хүний хоорондоо ярилцах хоолой сонсогдовч нэг л хүний сүүдэр үзэгдэнэ.
:~ …Юутай ч эсэн мэнд энэ оныг давж байгаа нь л хамгийн талархууштай явдал биш гэж үү?
:- Тэр ч тийм шүү. Гэхдээ надаас шалтгаалаагүй өчнөөн асуудал гарч төлөвлөж байсан хамаг ажил нурсанд бухимдахгүй байхын арга алга байна шүү дээ. Чикаго хотын архитектурын үзэмж, Хавай арлын үзэсгэлэнт далайн эргийг төсөөлөлдөө л мэдрэх нь дээ.
:~ Юу гээч, үнэн бөгөөд хатуухан хэлэхэд, чамаас ч илүү үнэ цэнэтэй зүйлсээ, гэр бүл, хайртай дотны хүмүүс, эрүүл мэнд, амь насаа алдсан хүмүүс өчнөөн бий. Бүх л хүний төлөвлөсөн ажил ямар нэгэн байдлаар нурсан. Гомдоллоод ямар ч хэрэг байхгүй биш гэж үү.
:-…
:~ Нөгөө талаас нь харвал харин ч орчин, нөхцөл байдалдаа зохицож уян хатан ажиллаж сурсан юм биш үү?
:- Нээрээ ч тийм дээ. Эргээд харахад энэ бүхэн бие махбод хийгээд сэтгэл санааны хувьд маш сайхан амралт болж өгсөн гэж бодож байна. Их зүйлийг тунгаан эргэцүүлжээ.
:~ Тийм шүү, чи өөрийнхөө тухай нилээн их зүйлсийг олж нээсэн байх учиртай.
:- Өөрийгөө олж нээх биш өөрийгөө таньсан,бүтээсэн гэвэл зохих болов уу.
:~ Бас ялгаа байх хэрэг үү?
:- Миний л мэдрэмжээр бол ялгаатай. Өөрийгөө олно гэдэг чинь ямар ч утгагүй үг хэллэг бус уу? Хаа нэгтээгээс алдагдсан эрдэнэсийн хайрцаг эрж олоод дотор нь элс шороо төдийхөн байж уу эс бөгөөс алт эрдэнэс байж уу гэдгийг олж мэдэхтэй адил зүйл ерөөс биш байх. Өөр нэг газар биш яг өөрт чинь, өөрийн чинь дотор байгаа оршихуйг танин мэдэх, өөрчлөн сайжруулах, шинээр бүтээн байгуулахтай холбоотой асуудал болов уу л гэж боддог.
:~ Тэгвэл энэ жил өөрийн оршихуйн юуг судлаж амжив даа?
:- Энэ оршихуйд юуны түрүүнд сэтгэл санааны цэгцлэлт хэрэгтэй байх шиг санагдсан. Гаднах ертөнцөд өрнөөд буй зүйлтэй хэрхэн тэмцэхээ шийдэх, дотоод ертөнц юуг хүсэмжлээд байгааг мэдрэх хэрэгцээ шаардлага гарсан. Тэмцэхийн тулд тэвчээр шаардагдсан. Ямар ч үед тайван байхыг хичээж, эрүүлээр сэтгэж, бодит байдалтай уялдаатай шийдвэр гаргаж сурч байна. Өөрийгөө ажиглаж, хянаж, тайвшруулж сурахын тулд усанд сэлэлтийн спортоор хичээллэж, тэмдэглэл хөтлөж, бясалгал хийж үзлээ. Сэтгэл санааны тэнцвэртэй байдлаа хадгалж сурсан гэж бодож байна.
:~Өөрчлөн сайжруулсан зүйл гэж дурдсан. Түүний талаар?
:- Уучлалт гэдэг бол өөрчлөлтийн түлхүүр гэдгийг ойлголоо. Хувиа хичээсэн амьтан байсныхаа төлөөсөнд сайн найзаа өөрөөсөө түлхчихсэн. Гэм нүгэлээ ухаарна гэдэг хамгийн том шийтгэл байдаг хэдий ч өөртөө хатуу ханддаг надад түүнээс ч том шийтгэл хэрэгтэй байсан юм. Өөрийгөө өөрчлөх шийтгэл. Хэдэн жил өөрийнхөө дотор тэжээсэн араатнаа өөрөө хөнөөхийн нэр. Сайн санаат хүнийг гомдоосон хэргийнхээ хариуг авагч идэгчийн шуналаар тэжээгдсэн өнөөх араатнаа өгөгч бэлэглэгчийн өгөөмөр сэтгэлийн илдээр буулган авч төлөхөөр шийдсэн.
:~ Сонирхолтой л юм. Хүн бүрийг сорьсон энэ хэцүүхэн цаг үеийн хажуугаар өнгөрүүлсэн гайхамшигтай хором мөчүүдээ эргэн дурсан нэг яриач.
:- Одоо эргээд бодоход хэцүү байсан цаг үе ерөөс нэгээхэн бээр ч үгүй. Хамгийн бараан өдрүүд хамгийн гэгээн ухаарлыг хайрласан байдаг. Гэхдээ онцолж хэл гэвэл зүрхний хүлэмжинд сарнай цэцэгс дэлгэрэн, сэтгэлийн сэнтийд залрах нэгэний оршихуйг шинжилж эхэлсэн тэр цагаас өдийг хүртэл, магадгүй цаашдаа ч үргэлжлэн байх бүхий л цаг мөч гайхамшигтай үзэсгэлэнтэй байна гэж итгэдэг.
:~ Сайхан юм, үнэхээр сайхан. Эцэст нь энэ хүртэл ирсэнд чинь чамаар маш их бахархаж байна. Ирэх жилд илүү сайн байгаарай гэж хүсье. Шинэ оны мэнд, Номио.
:- Баярлалаа. Чамд ч бас шинэ жилийн мэнд хүргэе, Номио.