Өсвөр настнуудын нууцлаг ертөнц

Nominerdeen
4 min readMar 3, 2020

--

Энэхүү нийтлэлийг “зовлон нэгт” өсвөр настнууд маань, бас өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүд уншаасай гэж бичив.

Ай өсвөр насаа гэж.. хэцүү үе шүү дээ. Ялангуяа 16,17-тнууд буюу манай үеийнхэн. Яг ч хүүхэд биш, арай ч том хүн биш. Эрхэлчихдэг юм уу гэхээр “зөнөг”-төөд, биеэ даагаад асуудлаа өөрөө шийдээд, хариуцлагаа хүлээгэд явъя гэхээр балчирдаад. Бүхнийг мэдэрч, ойлгож эхэлсэн, юу ч хийхээс буцахгүй атлаа, юу ч хийж чаддаггүй үе.

Өсвөр насныханд хамгийн их тулгамддаг асуудлуудын нэг бол яалтачгүй эцэг эх гэр бүлийхэнтэйгээ санаа сэтгэл таарахгүй байх, ам зөрөх.

Би нэг бяцхан судалгаа хийсэн юм л даа. Ойрын хүрээллийн найзууд, таньдаг өсвөр насныханаас ээж аавтайгаа хэр их муудалцаж байгаа болон юунаас болоод муудалцаад байгааг нь судалж үзсэн юм. Одоо үр дүнг нь танилцуулъя. (Угаасаа урт нийтлэл болох болохоор сүртэй хамрагдагсдын тоо, хувь энэ тэр гаргаж та нарыг залхаахыг хүссэнгүй.)

1. Аав ээжтэйгээ муудалцдаггүй хүүхдүүд

Мэдээж бүх хүүхдүүд аав ээжтэйгээ муудалцаад байдаггүй. Үүнд хамгийн их ажиглагдсан 2 үндсэн шалтгаан байсан.

  1. Аав ээж нь үнэхээр сайн сонсогч бөгөөд хүүхдийнхээ үзэл бодлыг чин сэтгэлээсээ сонсож, хүндэлдэг, шийдвэрт нь итгэдэг, дэмждэг гэх хүүхдүүд. Тэд хэлэхдээ: “Манай аав ээж надтай найзууд шиг харьцдаг”, “Намайг сайн сонсож, ойлгодог”,“Ээж аав маань миний сонирхлыг дэмждэг” бүр зарим нь “Аав ээж маань ихэнх маргаанд буулт хийдэг болохоор бид тийм ч их маргаад байдаггүй” гэсэн.
  2. Ээж аавынхаа үгнээс гардаггүй, өөдөөс нь юм хэлж чаддаггүй болохоор муудалцдаггүй гэх хүүхдүүд ч байсан. Миний бодлоор энэ л эцэг эх нарын хүсдэг зүйл байх. Тэд нар хүүхэд нь өөрсдийнх нь хий гэснийг хийж, хориглосныг нь больж, дуугүй л байж байдаг “даруухан”, “томоотой” байхад дуртай байдаг байх. Гэвч хүүхэд болгон өөр гэдгийг ойлгодоггүй. Үгэнд нь ороод явж байхдаа дуртай, томоотой хүүхдүүд байх ч гэлээ заримдаа ертөнцтэй танилцахыг хүссэн, элдэв шинэ зүйл туршиж үзэж, алдвал өөрөө л алдаж, оновол өөрөө л хожиж, түүнээсээ сургамж, ухаарал авах сонирхолтой сониуч, “сахилгагүй” хүүхдүүд ч байдаг. Би өөрөө ийм төрлийн хүүхэд болохоор маш сайн мэдэж байна. Хүнээр болох болохгүйг нь заалгуулж, хэлүүлэхээсээ илүү өөрөө алдаж, онож байж болох болохгүйг нь ойлгодог над шиг тийм хүүхдүүд байдаг. Зүй бус, хууль бус, гэм хэрэгт уруу татагдаад байвал зэмлэж, зөв замд нь оруулах арга хэмжээ авах нь бол зөв хэрэг. Харин ёс суртахуунтайгаар өөрийгөө болон хорвоо дэлхийг танин мэдэх сонирхолтой байгаа хүүхдүүдээ дэмжээд өөрөө алдаж, өөрөө ойлгох боломжийг нь олгох хэрэгтэй л гэж бодож байна. Тэглээ ч та үүрд хүүхдийнхээ хажууд хөл алдахад нь түшээд яваад байж чадахгүй шүү дээ. Хэдий ингэж хориглож, чангалж байгаа нь элдэв муу зүйл тохиолдож, амьдралд хөл алдах вий гэсэндээ гэдгийг бид мэдэж байгаа ч хориглох тусам улам хиймээр, харин хий гэснийг нь хиймээргүй санагдаад байдаг. Хүүхдээ амьдралд өөрөө өөрийгөө бэлдэх боломжийг нь олгоод үзээсэй л гэж хүсэх байна.

2. Аав ээжтэйгээ муудалцдаг хүүхдүүд

Ихэнх хүүхдүүд ээж аавтайгаа муудалцдаг юм байна лээ. Зарим нь бүр өдөр болгон ам зөрдөг гэсэн шүү. Үүнд “аав ээжтэйгээ ярилцаж чаддаггүй” гэх гол шалтгаан байсан. Гэхдээ энэ нь хоёр талтай.

  1. Аав ээжтэйгээ ярилцдаггүй учир нь өөрийнхөө үзэл бодол, хүсэл сонирхолоо илэрхийлэхийг хичээдэг ч эцэг эх нар хүүхдээ сонсдоггүй, хэлсэн үгийг нь үл ойшоодог, юм ярихаар олон юм ярьлаа дуугүй бай, битгий тайлбар тавиад бай гэдэг бөгөөд зарим эцэг эхчүүд юу юугүй загинаж, өөрсдийнхөө үзэл бодлыг хүүхэддээ тулгадаг гэнэ.
  2. Аав ээжтэйгээ ярилцдаггүй нөгөө учир нь хүүхэд өмнө нь ярилцах гэж оролдсон ч эцэг эх нь тийм ч нухацтай хүлээж аваагүй, тоглоом шоглоом болгон, үл ойшоосон болохоор үүнээс хойш ярилцахыг оролдохоо больсон гэх шалтгаан байсан.

ДҮГНЭЛТ

Өсвөр насны хүүхэдтэй айлд гарч байгаа энэ маргааныг багасгах болон зогсоох бүрэн боломжтой. Эцэг эх нар маань хүүхдүүдээ ойлгоод, ярилцаад, хүсэл сонирхлыг нь сонсоод,дэмжиж үзээд, алдах хийгээд онох боломжийг нь өөрт нь олгоод үзэх хэрэгтэй байх. Харин өсвөр настнууд маань бол эцэг эхээ ойлгох хэрэгтэй байх. Учир нь тэд чамайг унаж бүдрэхгүй, сайн сайхан яваасай гэсэндээ зэмлэж, зарим зүйлийг хориглож байдаг учир хэлж ярьж буй зүйлд нь хүндэтгэлтэй хандаж, авах гээхийн ухаанаар сонсож, ярилцвал эв найрамдал тогтох байх.

Хүүхэдтэйгээ дарга ажилтан шиг зэрэглэж харьцдаг, шийдвэрт нь итгэдэггүй, дэмждэггүй, хэтэрхий хорьдог эцэг эхтэй хүүхдүүдийн сэтгэл санаа их хэцүү байгаа нь анзаарагдсан. Бүр зарим нь хурдан төгсөж оюутан болоод энэ гэрээс явах юмсан гэж боддог гэнэ. Хэрвээ та шууд өөрийнхөө үзэл бодлыг тулгадаг, шалтгааныг нь асуудаггүй хэрнээ үр дүнг нь шүүмжилж загинадаг, үзэл бодлоо илэрхийлэхээр өөдөөс юу юугүй үгүйсгэж, олон юм ярьлаа, тайлбар тавьлаа гэдэг, сонсоогүй юм шиг үл тоомсорлодог, хүүхдээ хатуу чанга хүмүүжүүлж байна гээд хэтэрхий их хориглодог бол энэ нь 21-р зууны хүүхдүүд болох биднийг хүмүүжүүлэх зөв арга яагаад ч биш шүү гэж өсвөр настныхнаа төлөөлөн маш итгэлтэйгээр хэлмээр байна. Бас та хүүхдийнхээ сэтгэл зүйд болон өөртөө итгэх итгэл зэрэгт нь маш хортой нөлөө үзүүлж байгаа гэдгээ ойлгох хэрэгтэй.

Эцэст нь,

Үе тэнгийхэндээ хандаж хэлье:

Бидний аав ээж ч бас үнэндээ хүүхдүүд хэвээрээ. Хүүхэдтэй болчихсон хүүхдүүд. Өөрсдөө ч хорвоог бүрэн таньж амжаагүй болохоор үргэлж чамайг ойлгож чадахгүй. Тэдэнд ч бас алдах юм бий. Тиймээс чи ч бас хааяа аав ээжийгээ ойлгож, хүндэлж, хайрлаж байгаарай.

Хүндэт эцэг эхчүүддээ хандаж хэлье:

Хүүхдээ өндөрт дүүлэн нисээсэй гэж хүсч байгаа бол эхлээд торноосоо гарч, далавчаа дэлгэж үзэхийг нь зөвшөөрөх хэрэгтэй биз дээ.

ОРЧУУЛГА: Бид хүүхдүүддээ өгөх хэрэгтэй хоёр бэлэг байдаг: нэг нь үндэс, нөгөөх нь далавч.

Жич: Би ямар нэгэн судлаач энэ тэрээр сурдаггүй, зүгээр л өөрийн үзэл бодлоо бага зэргийн судалгаа, нотолгоотойгоор илэрхийлж байгаа минь энэ болно.

--

--

Nominerdeen
Nominerdeen

Written by Nominerdeen

Орчлон уудам, би өчүүхэн

No responses yet